Монголбанк

Буцах

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас Европын холбоо болон Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтран цахим сургалт зохион байгууллаа.

Огноо: 2021/02/17

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж 8-д улс орнууд нь терроризмыг санхүүжүүлэхэд өртөх эмзэг сул талтай гэж тодорхойлсон “Ашгийн бус байгууллагууд”-тай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж заасан байдаг. 2017 онд хийгдсэн Монгол улсын харилцан үнэлгээний тайлангаар зөвлөмж 8 нь “хэсэгчилэн биелүүлсэн” гэх үнэлгээтэй байна.

Иймд зөвлөмж 8-ын хэрэгжилтийг хангах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагууд болон ашгийн бус байгууллагуудын төлөөлөлд зориулж НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас Европын холбоо болон Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтран 2 өдрийн цахим сургалтыг зохион байгууллаа.

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас энэ хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зорилго нь НҮБ-ын гишүүн орнуудыг терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг сайжруулах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын хэрэгжилтийг хангахад оршдог.

Хоёр өдрийн цахим сургалтанд Санхүүгийн мэдээллийн алба болон бусад холбогдох төрийн байгууллагын төлөөлөл болох нийт 290 гаруй оролцогчдийг хамруулсан өргөн хүрээний цахим сургалт болж өндөрлөлөө. Сургалтаар дараах санаануудыг онцлов. Үүнд: 

  • Ашгийн бус байгууллагын хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, тус салбарын тогтолцоог сайжруулах хэрэгтэй.
  • ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 8, үр дүнтэй байдлын шууд хэрэгжилт 10-ын шаардлагууд, зорилтуудыг хангахын тулд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд төрийн байгууллагууд үүнд манлайлал үзүүлж оролцох хэрэгтэй гэдгийг дурдав.
  • Салбарын эрсдэлийн үнэлгээг чанартай хийж, тухайн эрсдэлд суурилсан арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн үнэлгээг хийхдээ зөвхөн эрсдэлийг тодорхойлохоос гадна тухайн салбараа танин мэдэх нь бас чухал гэв.
  • Холбогдох байгууллагаас олон нийтэд чиглэсэн энэ талын мэдлэгийг олгох соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийхийг онцлов.
  • Түүнчлэн бусад улсуудын сайн туршлагыг хэлэлцэв.

Сургалтын төгсгөлд Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр ашгийн бус байгууллагын эрсдэлийн үнэлгээг хийж, тогтолцоог сайжруулахаар идэвхи чармайлттай, тууштай ажиллаж байгааг сайшаав. Энэхүү ажилд Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл хамтран ажиллаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.