Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас Чайналисис компанитай хамтран крипто валюттай холбоотой цахим сургалтыг арилжааны банкны ажилтнуудад амжилттай зохион байгууллаа.

Огноо: 2021/04/06

Технологийн дэвшлийн үр нөлөөгөөр олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, крипто валют, биткоин зэрэг виртуал хөрөнгийн талаарх ойлголт шинээр бий болж, төлбөр тооцоог уламжлалт санхүүгийн системээр дамжуулахгүйгээр илүү хурдан, хямд, хялбар, найдвартай аргаар хийж гүйцэтгэх боломжийг бий болгож байна. Гэхдээ нөгөө талаар блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн үйлчилгээг гэмт этгээдүүд хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуун дарагдуулах, цаашлаад терроризмыг санхүүжүүлэхэд  ашиглах хандлагатай байна.

Энэ хүрээнд дэлхийн улс орнууд виртуал хөрөнгийн зохицуулалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Иймд Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төслийг боловсруулаад байна. Цаашлаад виртуал хөрөнгийн салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бий болгох ажлын хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас крипто валютын талаар судалгаа шинжилгээ хийж, технологийн шийдлийг санал болгодог олон улсын Чайналисис компанитай хамтран  2021 оны 4 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд 2 өдрийн цахим сургалтыг арилжааны банкуудын нийт 20 гаруй ажилтнуудад амжилттай зохион байгуулав.

Уг сургалт дээр виртуал хөрөнгийн талаарх ойлголт, түүнээс үүсэх эрсдэл, олон улсын стандарт, зөвлөмжүүд, дэлхийн нийтийн чиг хандлага болон крипто валюттай холбоотой гэмт хэргийн шинжтэй гүйлгээг хэрхэн илрүүлэх талаар хэлэлцэв. Сүүлийн үед иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээг сонирхох нь ихэсч, банкны картаа ашиглан крипто валютын арилжаанд оролцох болсон тул энэхүү сургалтаар дамжуулан арилжааны банкуудын ажилтнуудын энэ салбарын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьлоо.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.