Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албаны статистик мэдээлэл гаргах журам шинэчлэгдэн батлагдлаа.

Огноо: 2021/05/03

Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, 19 дүгээр зүйлийн 19.2.6 заалтад заасны дагуу  тус  хуулийг  хэрэгжүүлэхтэй  холбогдуулан  авч  байгаа  арга  хэмжээ,  хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, хариуцлагын талаар нэгдсэн статистик мэдээллийг гаргах, олон нийтэд мэдээлэх чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тус алба нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 364 дүгээр тушаалын хавсралт, маягтын дагуу статистик мэдээллийг цуглуулж, улирал бүр нэгтгэн, олон нийтэд мэдээлж, ажилладаг.

Энэхүү журмыг Мөнгө  угаах  болон  терроризмыг  санхүүжүүлэхтэй  тэмцэх  тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх шаардлага үүссэн. Түүнчлэн Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой Харилцан үнэлгээ, Үндэсний эрсдэлийн үнэлгээ болон бусад тайлан, мэдээнд шаардагдах статистик мэдээллийг нарийвчлан, задаргаатай гаргахад цаг хугацаа шаардаж байгаа тул мэдээлэл цуглуулах маягтыг сайжруулах хэрэгтэй болсон.

Иймд “Санхүүгийн мэдээллийн албаны статистик мэдээлэл гаргах журам”-ыг Монгол Улсад хэрэгжиж буй хууль эрх зүйн орчин, ФАТФ-ын 40 Зөвлөмж, холбогдох бусад олон улсын байгууллагын тавьж буй стандарт, шаардлагад нийцүүлэн, мэдээлэл нийлүүлдэг байгууллагуудаас санал аван тусгаж, шинэчлэн боловсруулж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-93 дугаар тушаалаар баталлаа.

Уг журамд дараах зүйлсийг нэмэлтээр тусгаж, боловсруулав. Үүнд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулав.
  • Статистикийн үзүүлэлт тус бүрийг тоон болон чанарын шинж чанараар нь нарийвчлан задлаж, тусгав.
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрээр бүх үзүүлэлт дээр статистик мэдээллийг гаргахаар тусгав.
  • Статистик мэдээлэл нийлүүлдэг байгууллага бүрээр холбогдох үзүүлэлтүүд дээр ялгаж өгөв.  
  • Түүнчлэн холбогдох сэдэв тус бүрээр хавсралт болгон задалсан бөгөөд нийт 8 хавсралттай болов.
Санхүүгийн мэдээллийн алба нь 2021 оны 1 дүгээр улирлаас эхлэн шинэчлэн батлагдсан журмын дагуу холбогдох байгууллагуудаас статистик мэдээллийг нэгтгэн авч гаргах болно. Та бүхэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэгдсэн статистик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.