Буцах

МУТСТ Үндэсний хөтөлбөр


Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл болж байна. Мөнгө угаах гэмт хэргийн эх үүсвэр нь ихэнхдээ хүний наймаа, хар тамхины худалдаа, хууль бус зэвсгийн наймаа, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх гэмт хэрэг зэрэг хууль бус үйл ажиллагаанаас олж байгаа санхүүгийн урсгал болдог. Өөрөөр хэлбэл санхүүгийн салбарыг хууль бус эх сурвалжаас олсон мөнгийг хувиргах, шилжүүлэх, терроризмын санхүүжилтийг нэг бүс нутгаас нөгөө рүү бүс нутаг руу шуурхай илгээх хэрэгсэл болгон ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүд санхүүгийн тогтолцоо сул хөгжсөн болон хөгжиж буй орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны транзит төв болгон ашиглаж байгаа явдал нь Монгол Улсын санхүүгийн салбарын энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Манай улсын хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан бөгөөд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (цаашид “ФАТФ” гэх)-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг өөрийн гишүүн орны мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтай үнэлж дүгнэдэг ба тус бүлгээс 2006 онд анх удаа Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийсэн байна.

ФАТФ-ын тухайн үеийн зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан боловч ФАТФ-ын зөвлөмжид зарим хуулийн зохицуулалтыг нийцүүлээгүй гэх үндэслэлээр “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулж байсан бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлснээр манай улсыг дээрх дутагдлаа залруулсан гэж үнэлэн 2014 оны 6 дугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ.

Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, Монгол Улсад 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагаас манай улсад үзүүлсэн техник туслалцааны хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэх талаар зөвлөсөөр байна.

Энэхүү ФАТФ-ын зөвлөмж нь аливаа улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичгийн суурь болж байгаа олон улсын стандарт төдийгүй уг стандарт зөвлөмжийг хэрэгжүүлдэг улс орны хувьд санхүүгийн салбарт бусад улс оронтой хамтран таатай орчин бүрдэх үндэс болдог.

Иймд ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, улмаар өөрийн улсын мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тогтолцоог сайжруулж, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлага бий болсон болно.

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй (2017-2020) энд дарж танилцана уу.



Үндэсний хөтөлбөрийн биелэлт (2017-2020)