Үндэсний эрсдэлийн үнэлгээ /ҮЭҮ/

Мэдээлэл шинэчилсэн огноо: 2024.09.04

Аливаа улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх (МУТС/ҮОХЗД)-ийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо бат бөх байх, гэмт этгээдүүд санхүүгийн систем, зарим салбарыг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, эмзэг сул байдлыг арилгахад тухайн улс МУТС/ҮОХЗД эрсдэлээ үнэлж ойлгох, улмаар эрсдэлийг оновчтой бууруулах үндэсний хэмжээний бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх асуудал нэн чухал юм.

Үндэсний эрсдэлийн үнэлгээний зорилго бол МУТС/ҮОХЗД-ийг санхүүжүүлэх аюул занал, эрсдэл, эмзэг байдлыг бодитоор үнэлэх, эрх бүхий хяналт тавих, хууль сахиулах, прокурор, шүүх, зохицуулах чиг үүрэгтэй байгууллагуудын хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй хуваарилах, оновчтой арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. Улмаар МУТС/ҮОХЗД-ийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр эрсдэлтэй салбарт төвлөрүүлснээр үндэсний бодлого, стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нөөц бололцоог зохистой хуваарилах ач холбогдолтой юм.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 1, 2-т улс орнуудыг МУТС/ҮОХЗД-тэй холбоотой эрсдэлээ тодорхойлж, үнэлж, ойлгохын зэрэгцээ эрсдэлийн үнэлгээнээс эрсдэлд суурилсан аргачлал (ЭСА)-ыг нэвтрүүлэх замаар МУТС эрсдэлд тохирсон урьдчилан сэргийлэх болон тодорхойлсон эрсдэлээ бууруулах арга хэмжээ авах шаардлагатай[1] хэмээн тусгасан байдаг. Энэ хүрээнд Монгол Улс анхны Үндэсний Эрсдэлийн Үнэлгээ (ҮЭҮ)-г 2016 онд хийж байсан бол хоёр дахь удаагийн ҮЭҮ-г Дэлхийн банкнаас боловсруулсан “Үндэсний мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 2020-2021 онуудад хийж гүйцэтгэсэн. /Зураг 1/  

Зураг 1.

ҮЭҮ нь төрийн байгууллагууд болон холбогдох бүхий л салбарын хувийн хэвшлүүдийн оролцоог шаарддаг үндэсний хэмжээний томоохон ажил бөгөөд МУТС/ҮОХЗД-тэй тэмцэх үйл ажиллагааны бодит үр дүнг дээшлүүлэх, шууд хэрэгжилтийн үр дүнг сайжруулах, тогтолцоог чанаржуулах чухал ач холбогдолтой юм.