Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хүрээнд тогтмол тавигддаг асуултууд
1. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ?
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.
2. Эцсийн өмчлөгч гэж хэн бэ?
- Харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;
- Харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;
- Хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ;
3. Эцсийн өмчлөгчийг ил тод байлгах яагаад чухал вэ?
Эцсийн өмчлөгчийг нууцлах нь татвараас зайлсхийх, авлига, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргийн үйл ажиллагаа явуулах боломжийг улам нэмэгдүүлдэг. Жишээлбэл, татвараас зайлсхийж эсвэл хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах; хар тамхины худалдаачин хууль бус орлогоо хууль ёсны орлого шиг харагдуулах зорилгоор хажуугаар нь хууль ёсны ямар нэг бизнес эрхлэх гэх мэт юм.
ФАТФ нь эцсийн өмчлөгчтэй холбоотой шаардлагуудыг стандартдаа тусгаж, эрх бүхий байгууллагыг эцсийн өмчлөгчийн мэдээллээр хангаж чадаж байгаа эсэхэд үнэлгээ хйидэг. Улс орнууд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаар мэдээлэл авах боломжтой эсэхийг тодорхойлох нь татвараас зайлсхийх, авлига, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.
4. Харилцагчийг таньж мэдэх гэж юу вэ?
Дараах тохиолдолд мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй:
- Бизнесийн харилцаа үүсгэхийн өмнө;
- Дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө;
- Харилцагчийн 24 цагийн дотор хийсэн, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөгөөс /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ бага боловч нийт үнийн дүн нь 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй бол;
- Харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлзсэн тохиолдолд;
- Тухайн харилцагч, тухайн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэсэн тохиолдолд.
5. Сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл гэж юу вэ?
Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл дараах агуулгатай байна:
- Мэдээлэх үүрэгтэй этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг болон мэдээлэл хүргүүлсэн албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
- Харилцагч, хүлээн авагчийн талаарх мэдээлэл;
- Тухайн гүйлгээний утга, үнийн дүн, гүйцэтгэсэн хэлбэр, он, сар, өдөр, дансны дугаар, гүйлгээний бусад оролцогч болон данс эзэмшигчийн талаарх мэдээлэл;
- Тухайн гүйлгээг сэжиглэх болсон үндэслэл, нөхцөл байдлын тухай товч тайлбар;
- Холбогдох бусад баримт бичиг.
Санхүүгийн мэдээллийн алба нь сэжигтэй гүйлгээтэй холбогдсон этгээдийн дансны хуулбар, данс нээхэд ашигласан бичиг баримтын хуулбар, банкны харилцагчийн эрсдэлийг үнэлсэн баримт бичиг зэрэг нэмэлт мэдээллийг мэдээлэх үүрэгтэй этгээдээс гаргуулан авах эрхтэй.
6. Мэдээллийн нууц хадгалах тухай
Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага, ажилтан нь Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн 7.4-т зааснаас бусад этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.
/7.4. Мэдээлэх үүрэгтэй этгээд Монголбанкны Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан мэдээлэл өгөх журмын дагуу тодорхой гүйлгээ, түүнд оролцогч талуудын тухай мэдээллийг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргаж өгнө./
Санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч, шинжээч, ажилтан албан үүргийнхээ дагуу олж авсан харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хугацаанд болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулахыг хориглоно.
7. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
Хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Хуульчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох Институт, Санхүүгийн мэдээллийн алба болон тухайн төрлийн үйл ажиллагааны зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдал, дутагдлыг харгалзан дараах арга хэмжээг авна:
- Дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
- Мэдээлэх үүрэгтэй этгээдийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
- Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах;
- Мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгох;
- Эрх бүхий албан тушаалтнаас дээрх өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8. Тайлангаа хэрхэн илгээх вэ?
Та манай нүүр хуудсанд байрлаж байгаа GoAML руу шууд нэвтрэн тайлангаа ирүүлнэ.
Хэрхэн илгээх тухай гарын авлагыг “Мэдээлэх үүрэгтэй этгээд” цэснээс дэлгэрэнгүй танилцана уу.