Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр

Мэдээлэл шинэчилсэн огноо: 2024.05.20

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан 40 Зөвлөмжийн 1-т улс орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээ үнэлэх, Зөвлөмж 2-т эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулж батлуулахаар заасан.

Энэ хүрээнд Монгол Улсын анхны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг 2016 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд эрсдэлийн үнэлгээнд суурилсан Монгол Улсын анхны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар тогтоолын хавсралтаар баталж 2017-2019 онуудад хэрэгжүүлсэн. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-тэй энд дарж танилцана уу.

Улмаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг шинэчлэх ажлыг 2020-2021 онуудад хийж гүйцэтгэсэн бөгөөд хоёр дахь удаагийн Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилан боловсруулсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Хөтөлбөр нь 2022-2030 оны хооронд 8 зорилго болон 48 зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд хэрэгжих юм. Мөн “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлөөр хэлэлцүүлж, Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 тоот тушаалын хавсралтаар баталсан.

Хөтөлбөрөөр дамжуулан УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.

Үндэсний хэмжээнд 2022-2030 онуудад хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-тэй энд дарж танилцана уу.