Мэдээлэл шинэчилсэн огноо: 2024.05.20
ГоАМЛ гэж юу вэ?
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь аливаа улс орны санхүүгийн системийн аюулгүй байдал болон тогтвортой үйл ажиллагаанд заналхийлж, эдийн засгийн үр өгөөжийг бууруулаад зогсохгүй улс орны засаглалын тогтолцоог сулруулдаг дэлхий нийтийн асуудал юм. Иймд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас өөрийн гишүүн орнуудын Санхүүгийн мэдээллийн албадуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд зориулж ГоАМЛ програм хангамжийг хөгжүүлсэн.
ГоАМЛ програм хангамжийг Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн байгууллага болон бусад мэдээлэх үүрэгтэй этгээдээс тайлан хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ хийх үндсэн үйл ажиллагааны хүрээнд ашигладаг. СМА-аас цуглуулсан энэ төрлийн тайлан болон бусад мэдээ, мэдээллүүд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад суурь гэмт хэргийг шалгаж илрүүлэх үндэслэл болох нь бий.
Одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй гишүүн улс ГоАМЛ програмын хэрэглэгч болсон бөгөөд Монгол Улс 2019 онд хэрэглэгчээр бүртгэгдсэн.
ГоАМЛ программ нь дараах гурван үндсэн бүтэцтэй:
- Мэдээлэл цуглуулах: Мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн мэдээллийг цуглуулах;
- Дүн шинжилгээ хийх: Сэжигтэй гүйлгээний тайланд дүн шинжилгээ хийх;
- Мэдээлэл солилцох:
- СМА болон хууль сахиулах байгууллагын хооронд (тухайн улс орны хууль, тогтоомжийн хүрээнд);
- СМА болон бүс нутгийн эсвэл олон улсын байгууллагын хооронд
Эх сурвалж: https://unite.un.org/goaml/