Мэдээлэл шинэчилсэн: 2024 он
ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ) нь гишүүн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын засгийн газар хоорондын байгууллага юм.
АНДМУТБ нь анх 1997 онд 13 гишүүн улсын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд одоогоор нийт 42 улс тус бүлэгт харьяалагдаж байна. Монгол Улс 2004 онд АНДМУТБ-т гишүүнээр элссэн.
АНДМУТБ нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг:
Харилцан үнэлгээ: Харилцан үнэлгээний хөтөлбөрөөр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын хүрээнд гишүүн орнуудынхаа хэрэгжилтийн түвшинг үнэлэх;
Техник туслалцаа, сургалт: AНДМУТБ-ийн ажлын албанаас гишүүн улсуудын олон улсын стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн хоёр талт хамтын ажиллагаа болон донор байгууллагуудын техник туслалцаа, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах;
Типологийн судалгаа: Ази, Номхон далайн бүс нутаг дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх орчин нөхцөл, эрсдэлийг ойлгож тодорхойлох зорилгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх арга, техник, чиг хандлагыг судлах, улмаар шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, хууль сахиулах байгууллагууд, СМА-д эрсдэл, аюул заналхийлэлтэй тэмцэх стратеги, бодлого боловсруулахад хамгийн сүүлийн үеийн эмпирик дата мэдээллээр хангах;
Олон улсын хамтын ажиллагаа: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг боловсруулахад хувь нэмрээ оруулах, бусад ФАТФ-ын бүс нутгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах, ФАТФ-ын ажлын хэсэг болон нэгдсэн чуулга уулзалтад оролцох;
Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой дэлхий нийтэд тулгамдсан асуудлын талаар олон нийт, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх зорилгоор Ази Номхон далайн бүс нутгийн улсуудын санхүүгийн болон санхүүгийн бус байгууллагууд, төрийн бус байгууллагууд, сургалтын төвүүд, их дээд сургуулиудтай идэвхтэй хамтран ажиллах.
АНДМУТБ нь Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг тодорхой хугацааны давтамжтайгаар үнэлж, хянадаг. Түүнчлэн Монгол Улсаас олон улсын стандартын хэрэгжилтийн үнэлгээг ахиулах Явцын тайланг АНДМУТБ-т жил бүр тогтмол хүргүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Харилцан үнэлгээ болон Явцын тайлантай энд дарж танилцана уу.