Мэдээлэл шинэчилсэн огноо: 2024.07.02
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус байгууллагаас мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд холбогдолтой байж болзошгүй сэжигтэй гэж үзсэн гүйлгээг мэдээлэх, мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хүрээнд улс орнууд мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий мэргэшсэн байгууллага буюу Санхүүгийн мэдээллийн албыг байгуулдаг. Ингэхдээ захиргааны, мөрдөн шалгах, холимог гэх төрлүүдээр байгуулдаг бөгөөд дэлхийн улс орнуудын Санхүүгийн мэдээллийн албад нь санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төв байгууллага, хууль сахиулах байгууллага зэрэг холбогдох чиг үүрэгтэй төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан байдаг.
Монгол Улсын хувьд 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хууль батлагдаж, тус оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Санхүүгийн мэдээллийн албыг Монголбанкны дэргэд байгуулснаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндэс, суурийг тавьсан. Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдээс тайлан, мэдээлэл хүлээн авах, дүн шинжилгээ хийх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байж болзошгүй мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Түүнчлэн Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад болон дотоодын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тэмцэх үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хяналт тавих зэрэг хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг. Санхүүгийн мэдээллийн алба нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зүй бус хөндлөнгийн оролцоо, нөлөөллөөс ангид байж, хараат бус ажилладаг бие даасан байгууллага юм.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх олон улсын стандарт болох 40 Зөвлөмжийг боловсруулан гаргасан. Дэлхийн улс орнууд эдгээр зөвлөмжийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дагаж мөрддөг. Уг стандартын Зөвлөмж 29-д Санхүүгийн мэдээллийн албаны эрхлэх үйл ажиллагааны стандартыг тодорхойлон тусгасан байдаг бөгөөд Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба энэ стандарт, шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулж байна.
Санхүүгийн мэдээллийн алба нь эдгээр олон улсын стандарт, зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулсаар ирсний үр дүнд олон улсын Санхүүгийн мэдээллийн албадын нийгэмлэг болох Эгмонт бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөн Төв Азийн орнуудаас хоёр дахь, Азийн орнуудаас 15 дахь Санхүүгийн мэдээллийн алба юм.