Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүргийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

  • Мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн, түүнчлэн эрх бүхий төрийн болон гадаад улсын ижил төстэй байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Мэдээлэх үүрэгтэй этгээдийн сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сэжигтэй гүйлгээнд хийсэн дүн шинжилгээний талаарх ерөнхий мэдээлэл, сэжигтэй гүйлгээний нийтлэг хэв шинж, арга хэлбэрийн талаар тогтмол мэдээлэх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах, сэжигтэй гүйлгээг хянах, илрүүлэх аргачлал боловсруулж мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах;
  • Хориг арга хэмжээний жагсаалтыг мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар нэгдсэн статистик гаргах, хяналт шалгалт хийх, эрх бүхий бусад этгээдээр хяналт шалгалт хийлгэх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний стратеги боловсруулах, уг стратегийг Хамтын ажиллагааны зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл байгаа бол Санхүүгийн мэдээллийн алба мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагчийн дансанд хяналт тавьж болно;
  • Хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно.