Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж өндөрлөлөө

2024-02-23 15:00 | Мэдээ

ФАТФ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Парис хотод зохион байгуулагдсан чуулганы нэгдсэн хуралдаанд 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд олон улсын хэмжээнд хамтын хариу арга хэмжээ авах нь нэн чухал юм. Үүнтэй холбоотой асуудлуудыг ФАТФ болон ФАТФ-ийн бүс нутгийн байгууллагуудын дээд түвшний уулзалтаар хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийн ил тод байдал болон эцсийн өмчлөгчтэй холбоотой Зөвлөмж 25-ыг 2023 онд шинэчилсэнтэй холбоотой эрсдэлд суурилсан гарын авлагыг нийтлэхээр болжээ.
  • ФАТФ-ын гишүүн орнуудын виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах, хянах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тоймыг нийтлэхийг зөвшөөрөв.
  • Гэмт хэрэгтнүүд, террорист этгээдүүд олон улсын санхүүгийн системийг зүй бусаар ашиглахаас сэргийлэх, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийн суурийг бэхжүүлэх зорилгын хүрээнд ФАТФ-ын дараагийн хоёр жилийн стратегийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэж, ирэх дөрөв дүгээр сард болох ФАТФ-ын өндөр түвшний албан тушаалтнуудын уулзалтаар танилцуулахаар тогтлоо.
  • Хил дамнасан төлбөр тооцоог илүү хурдан, хямд, ил тод, хүртээмжтэй болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Зөвлөмж 16-д хил дамнасан төлбөрийн системийн хурдацтай хөгжил, ISO20022 стандартын өөрчлөлтийг тусгахаар ажиллаж байна. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанаас зөвшөөрчээ.
  • ФАТФ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр Мексик улсын Элиса де Анда Мадразог хоёр жилийн хугацаатай томилох шийдвэр гаргалаа. Тэрээр 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ФАТФ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба Т.Ража Кумар Ерөнхийлөгчийн хоёр жилийн хугацаа дууссаны дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авна.
  • Ашгийн бус байгууллагатай холбоотой Зөвлөмж 8-д 2023 оны 10-р сарын хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон билээ. Иймд дараагийн шатны үнэлгээний аргачлалдаа өөрчлөлт оруулах бөгөөд терроризмыг санхүүжүүлэхэд хамгийн өртөмтгий ашгийн бус байгууллагуудыг хамгаалах, тэдгээрийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхой болгожээ.
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ахиц гарсан Барбадос, Гибралтар, Уганда, Арабын Нэгдсэн Эмират улсуудыг “Саарал жагсаалт”-аас гаргахаар болсон бөгөөд харин Кени болон Намиби улсуудыг уг жагсаалтад нэмэхээр болжээ.

Саарал жагсаалтад 2024 оны 02 дугаар сарын байдлаар дараах улс орнууд байна. Үүнд:        

Болгар Нигери
Буркина Фасо Филиппин
Камерун Сенегал
Бүгд Найрамдах Конго улс Өмнөд Африк
Хорват Өмнөд Судан
Хаити Сири
Ямайка Танзани
Кени Турк
Мали Вьетнам
Мозамбик Йемен
Намиби  

 

Харин хар жагсаалтад өөрчлөлт гараагүй бөгөөд дараах улсууд багтаж байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
  • Иран улс
  • Мьянмар улс

ФАТФ хуралдааны дараа ОХУ-тай холбоотой мэдэгдлийг нийтэлсэн бөгөөд ОХУ-ын Украины эсрэг дайны улмаас олон улсын санхүүгийн системийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд заналхийлж буй эрсдэлийг бууруулахад шаардлагатай арга хэмжээг авах ёстойг дахин сануулжээ. ОХУ-аас Украины эсрэг явуулж буй түрэмгийлэл нь дэлхийн санхүүгийн системийн аюулгүй, найдвартай, бүрэн бүтэн байдлыг дэмжих ФАТФ-ын зарчим, олон улсын хамтын ажиллагаанд харшилсаар байгаа тул ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.