“Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

2024-02-28 14:00 | Мэдээ

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг баталсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд мэдээлэх үүрэгтэй этгээдийн сэжигтэй гүйлгээ мэдээлэхтэй холбоотой салбар бүрт тохирсон соён гэгээрүүлэх ажлуудыг хийхээр тусгасан.

Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас арилжааны банкуудын комплаенсийн газар, хэлтсийн ажилтнуудад сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар Санхүүгийн мэдээллийн албанаас боловсруулсан дараах тайлангуудыг танилцуулав. Үүнд:

  • Стратегийн дүн шинжилгээний тайлан;
  • Гадаад улсаас гаралтай хууль бус мөнгийг Монгол Улсын санхүүгийн системээр дамжуулан угаах нь сэдэвт типологийн тайлан;
  • Улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой типологийн тайлан;
  • Үл хөдлөх хөрөнгө ашиглан мөнгө угаах нь сэдэвт типологийн тайлан.

Энэ удаагийн сургалтаар дээрх тайлангуудыг танилцуулахаас гадна банкуудын комплаенсийн газар, хэлтсийн ажилтнуудын сэжигтэй гүйлгээний тайланд дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх зорилгоор кейс ажиллуулж, кейсийн үр дүнгийн талаар ярилцаж, мэдээлэл солилцон практик чадварыг дээшлүүлж ажилласан нь онцлог байлаа.

Цаашид Санхүүгийн мэдээллийн албанаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зориулан энэ төрлийн сургалт, семинарыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.