Гаалийн ерөнхий газар болон Санхүүгийн мэдээллийн алба хамтарсан танилцуулга сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-04-18 15:00 | Мэдээ

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба нь Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын эрх бүхий байгууллагууд, тэр дундаа мөн хуулийн 15 болон 16 дугаар зүйлийн дагуу гаалийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцоог чанаржуулах зорилгоор Гаалийн ерөнхий газраас тус газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв, Зөрчилтэй тэмцэх газар болон Эрсдэлийн удирдлагын хэлтсээс өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ашиглаж буй програм хангамж, үйл ажиллагааны цар хүрээний талаар танилцуулах сургалтыг Санхүүгийн мэдээллийн албаны нийт албан хаагчдад зориулан 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монголбанкны байранд зохион байгууллаа.

Мөн энэ үеэр, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад Гаалийн байгууллагад төдийгүй Санхүүгийн мэдээллийн албанд тулгарч буй асуудал, бэрхшээл, сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. Цаашид Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үндэсний хэмжээний хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, түүний уялдаа холбоог сайжруулахын тулд бусад эрх бүхий байгууллагуудтай энэ төрлийн уулзалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.