Шүүгч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа

2024-05-01 02:00 | Мэдээ

Санхүүгийн мэдээллийн алба нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн болон АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөхтэй хамтран “Хилийн чанадаас санхүүгийн эсвэл цахим нотлох баримтыг олж авахтай холбоотой тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд, шийдлүүд ба шүүх хуралдааны явцад олж авсан нотлох баримтыг зохистой ашиглах нь” сэдэвт сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтад нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид хамрагдав.

Сургалтаар шүүгч нарт цахим болон санхүүгийн нотлох баримтыг хилийн чанадаас олж авах үйл явц, нотлох баримтыг бүрдүүлэх, ашиглах, хадгалах, зохих ёсоор тайлагнан танилцуулах нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига гэх мэт санхүүгийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болохыг харуулав. Мөн сургалтад оролцогчдод гэмт хэргийн бүлэглэлийн бүтэц, гишүүд, гэмт хэрэгт холбогдох этгээдүүдийн үйлдэл, гэрчийн этгээдийн мэдүүлгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар төрлийн нотлох баримтуудыг олж авах шаардлагатай, тэдгээрийг хэрхэн ашиглах, хаанаас олох боломжтой талаар дурдан, шүүх хуралд ашиглаж болох биет нотлох баримт, баримт нотолгоонд ашиглах боломжтой гэрчийн мэдүүлэг зэргийг танилцуулж, санал солилцлоо.