Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 40 дэх удаагийн Чуулга Уулзалт болж өндөрлөлөө
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 40 дэх удаагийн Чуулга уулзалт болон ажлын хэсгүүдийн уулзалт Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад тус бүлгийн нийт гишүүн орнууд, ФАТФ, Ойрхи Дорнод ба Хойд Африкийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Нарийн бичгийн дарга нар, ажиглагч орнууд болон бусад олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын талаас Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун тэргүүтэй төлөөллүүд болон Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл оролцлоо.
Хуралдааны эхний өдрүүдэд буюу 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Техник туслалцаа, Харилцан үнэлгээ, Хууль эрх зүй, Типологи зэрэг ажлын хэсгүүдийн хурал, уулзалтуудыг хаалттай болон нээлттэй хэлбэрээр зохион байгуулж Монгол улсын төлөөлөл ажиглагчаар нээлттэй хурлуудад оролцов. Харилцан үнэлгээний ажлын хэсгийн хурлаар Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн хоёрдугаар шатны Харилцан Үнэлгээний хүрээнд Тажикстан улсын 5 дахь удаагийн өргөтгөсөн хяналтын Явцын тайлан болон Туркменистан улсын анхны өргөтгөсөн хяналтын Явцын тайланг танилцуулж, гол асуудлуудыг хэлэлцэн, бусад гишүүн болон ажиглагч орнуудын саналыг авч, уулзалтын үр дүнд харилцан үнэлгээний тайланг батлахаар шийдвэрлэв. Түүнчлэн Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн дараагийн буюу гуравдугаар шатны харилцан үнэлгээг хийх үе шат, харилцан үнэлгээнд орох гишүүн орнуудын дараалал, хяналт тавих үйл явцын журмыг хэлэлцэн баталлаа.
Ажлын хэсгүүдийн уулзалтын дараа Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 40 дэх удаагийн чуулга уулзалтыг 30-31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Чуулга уулзалтыг нээж Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Акылбек Жапаров үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд Бүгд Найрамдах Киргиз улс тууштай тэмцэж байгаагаа илэрхийлээд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд улс орнуудын тууштай хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцлов.
Чуулганаар гишүүн орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоотой холбоотой харилцан үнэлгээ, явцын үнэлгээ, техник туслалцааны төсөл, типологи, сайн туршлага, төсөв, санхүүжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Мөн Япон улсыг Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн ажиглагч орон болгон баталж цаашид үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Ажлын албанаас бусад ажиглагч улс орнууд болон олон улсын байгууллагуудын оролцоонд талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 41 дэх удаагийн Чуулга уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Энэтхэг улсад зохион байгуулахаар шийдвэрлэв.