Эгмонт бүлгийн 30 дахь удаагийн Чуулга Уулзалт боллоо

2024-06-09 18:00 | Мэдээ

Эгмонт бүлгийн 30 дахь удаагийн Чуулга уулзалт Франц улсын нийслэл Парис хотноо 2024 оны 6 дугаар сарын 02-ноос 07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад Эгмонт бүлэг, гишүүн СМА-д, олон улсын түншлэгч байгууллагууд, ажиглагч улсуудын нийт 400 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсаас Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар тэргүүтэй төлөөллүүд оролцов.

Эгмонт бүлэг нь дэлхийн 174 орны Дэлхийн Санхүүгийн мэдээллийн албад нэгдсэн олон улсын нийгэмлэг ба тус бүлэгт Монгол Улс 2009 онд гишүүнээр элссэн. Эгмонт бүлэг нь улс орнуудын СМА-дын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний болоод олон улсын хүчин чармайлтыг дэмжиж, гишүүн орнуудын дунд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох боломжийг олгож, хамтын ажиллагааг идэвхжүүлдэг байгууллага юм.

Энэ жилийн Чуулга уулзалт нь “СМА-ны хөгжлийн ирээдүйн чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Эгмонт бүлгийн 2022-2027 оны Стратеги төлөвлөгөөний алсын хараа, үндсэн зорилгын хүрээнд Эгмонт бүлэг болон гишүүн улс орнуудын СМА-д олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технологи ашиглах, шинээр үйлдэгдэж буй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон холбогдох бусад суурь гэмт хэргийн төрөл, арга хэлбэр, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чиглэв.

Чуулга уулзалтын үеэр Эгмонт бүлгийн ажлын хэсгүүд салбар хуралдаанууд зохион байгуулж тус тусын ажлын хэсгийн өнгөрсөн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж дараа жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжүүлж дууссан, хийгдэж байгаа төслүүдийг танилцуулж, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай төслийн талаар хэлэлцсэн болно.

Хуралдааны төсгөлд Эгмонт бүлгийн шилдэг кейсийг шалгаруулсан бөгөөд ирэх жилийн Эгмонт бүлгийн Ажлын хэсгийн болон Бүс нутгийн уулзалтыг 2026 оны 02 дугаар сард Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улсад, Эгмонт бүлгийн 31 дэх удаагийн Чуулга уулзалтыг 07 дугаар сард Люксембургийн Их Гүнт улсад тус тус зохион байгуулахаар шийдвэрлэв.