ФАТФ-ын ээлжит Нэгдсэн Хуралдаан болж өндөрлөлөө

2024-06-28 02:00 | Мэдээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Сингапур улсад зохион байгуулагдсан нэгдсэн хуралдаанд 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гол асуудлуудыг ФАТФ болон ФАТФ-ийн бүс нутгийн байгууллагуудын дээд түвшний уулзалтаар гурван өдрийн турш хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулдаг, стратегийн дутагдалтай улс орнуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ICRG) улс орнуудыг хянан шалгах шалгууртаа өөрчлөлт оруулав.
  • ФАТФ-аас 2023 оны 10 дугаар сард шинэчилсэн хөрөнгө буцаалт, олон улсын хамтын ажиллагааны талаарх зөвлөмжийг үнэлэх аргачлалыг хэлэлцлээ.
  • ФАТФ/АНДМУТБ/ЕАМУТБ-ээс Энэтхэг улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн батлав.
  • ФАТФ, МЕНАФАТФ-аас Кувейт улсын харилцан үнэлгээг хэлэлцэн баталж, тус улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хангалттай хууль эрх зүйн болон хяналтын тогтолцоотой боловч үр дүнтэй байдлыг хангахгүй байсаар байна гэж дүгнэв.
  • ФАТФ нь нягтлан бодогч, хуульч, үл хөдлөх хөрөнгийн агентууд, траст болон компанийн үйлчилгээ үзүүлэгч нарыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд авч буй арга хэмжээний талаар дүгнэлт хийсэн байна. Энэхүү тоймыг 2024 оны 7 дугаар сард нийтлэх ажээ.
  • Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай ФАТФ-ын стандартыг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн ахиц дэвшлийн тухай тайланг тав дахь жилдээ нийтлэхээр болжээ.
  • Хил дамнасан төлбөрийн системийн стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцлээ.  
  • Ирэх хоёр жилийн ФАТФ-ын ерөнхийлөгч болох хатагтай Элиза де Анда Мадразо нэн тэргүүний зорилтуудаа танилцуулсан ба тэрээр 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ФАТФ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших юм.
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад өөрчлөлт оруулан, чухал ахиц гарсан Ямайка, Турк улсуудыг хассан бол Монако болон Венесуэл улсуудыг уг жагсаалтад нэмэхээр болжээ.

Саарал жагсаалтад 2024 оны 6 дугаар сарын байдлаар дараах улс орнууд байна. Үүнд:

  • Болгар
  • Буркина Фасо
  • Бүгд Найрамдах Конго
  • Венесуэл /шинээр нэмэгдсэн/
  • Вьетнам
  • Йемен
  • Камерун
  • Кени
  • Мали
  • Мозамбик
  • Монако /шинээр нэмэгдсэн/
  • Намиби
  • Нигери
  • Өмнөд Африк
  • Өмнөд Судан
  • Сенегал
  • Сири
  • Танзани
  • Филиппин
  • Хаити
  • Хорват

Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй бөгөөд дараах улсууд багтаж байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
  • Иран улс
  • Мьянмар улс

ФАТФ ОХУ-аас Украины эсрэг явуулж буй түрэмгийлэл нь дэлхийн санхүүгийн системийн аюулгүй, найдвартай, бүрэн бүтэн байдлыг дэмжих ФАТФ-ын зарчим, олон улсын хамтын ажиллагаанд харшилсаар байгаа тул ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.