“Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт

2024-02-28 10:00 | Дотоод сургалт

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг баталсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд мэдээлэх үүрэгтэй этгээдийн сэжигтэй гүйлгээ мэдээлэхтэй холбоотой салбар бүрт тохирсон соён гэгээрүүлэх ажлуудыг хийхээр тусгасан.

Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас арилжааны банкуудын комплаенсийн газар, хэлтсийн ажилтнуудад сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар Санхүүгийн мэдээллийн албанаас боловсруулсан дараах тайлангуудыг танилцуулах юм. Үүнд:

  • Стратегийн дүн шинжилгээний тайлан;
  • Гадаад улсаас гаралтай хууль бус мөнгийг Монгол Улсын санхүүгийн системээр дамжуулан угаах нь сэдэвт типологийн тайлан;
  • Улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой типологийн тайлан;
  • Үл хөдлөх хөрөнгө ашиглан мөнгө угаах нь сэдэвт типологийн тайлан.