“Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагааг сайжруулах" сэдэвт цахим сургалт

2024-05-27 10:00 | Дотоод сургалт

Санхүүгийн мэдээллийн албанаас банкнаас бусад салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим сургалт зохион байгуулах гэж байна.

Тус сургалтаар мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн удирдлага, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрхэн хэрэгжүүлэх, харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх, гоАМЛ платформыг ашиглах зөвлөмж, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сард батлагдснаар тус хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэх үүрэгтэй этгээд болсон. Энэ хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ жил анх удаа сургалтад хамрагдах гэж байгаа бөгөөд Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны ерөнхий ойлголтыг өгөхийг зорьж байна.