Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн уулзалт боллоо
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн уулзалт 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгууллаа.
Жилийн уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэвэл:
Үнэлгээний үр дүн: AНДМУТБ-ээс 2023-2024 онд хийсэн 25 улсын Явцын үнэлгээ болон 4 улсын Харилцан үнэлгээний талаар хэлэлцлээ. Үүнээс Науру болон Папуа Шинэ Гвиней улсуудын харилцан үнэлгээг хэлэлцэн, үнэлгээ ахиулсан бол Маршаллын Арлууд болон Зүүн Тиморын үнэлгээг ахиулах талаар санал нэгдээгүй байна. Мөн Энэтхэг улсын хамтарсан харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн баталлаа.
Дараагийн харилцан үнэлгээ: Хурлаар АНДМУТБ-ийн Харилцааны Үнэлгээний хөтөлбөрийн дагуу үнэлгээ, гишүүний чадамж, үнэлгээчдийн ажлын урсгалуудын хүрээнд хийсэн ахиц дэвшлийг танилцууллаа. Мөн АНДМУТБ-ийн 4 дэх шатны харилцан үнэлгээний журам болон Харилцан үнэлгээний хорооны ажиллах зааварт оруулах нэмэлт өөрчлөлтийг тус тус хэлэлцэн батлав.
Гишүүнчлэлийн хүрээнд: Хурлаар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг АНДМУТБ-ийн ажиглагч орноос хасахаар шийдвэрлэв.
ФАТФ дахь Монгол Улсын оролцоо: ФАТФ-ын Виртуал Хөрөнгийн харилцаа холбооны бүлэг (Virtual Asset Contact Group)-т Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагч АНДМУТБ-ийг төлөөлж ажиллахаар сонгогдлоо. Энэхүү бүлэг нь виртуал хөрөнгийн салбарын МУТСТ-тэй холбоотой чиг үүргийн талаар мэдээлэл өгөх, чадавхыг бэхжүүлэх ажлуудыг зохион байгуулах, улс орнууд ФАТФ-ын шинэчилсэн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
AНДМУТБ-ийн жилийн уулзалтад Монгол Улсаас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн дарга бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга ахлан, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл, Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд оролцлоо.
Мөн олон улсын донор байгууллагууд Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үзүүлэх болон үзүүлж байгаа техник туслалцааны талаар ганцаарчилсан уулзалт хийв.