Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан болж өндөрлөлөө
ФАТФ-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сингапур улсад зохион байгуулагдсан нэгдсэн хуралдаанд 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гол асуудлуудыг ФАТФ болон ФАТФ-ийн бүс нутгийн байгууллагуудын дээд түвшний уулзалтаар гурван өдрийн турш хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- ФАТФ нь 2013 оноос хойш анх удаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх зааврыг шинэчлэн найруулав.
- Аргентин, Оман улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн баталжээ.
- Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ФАТФ-ын стандартад санал болгож буй өөрчлөлтүүдийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахаар шийдвэрлэлээ.
- ФАТФ-ын шинэ ерөнхийлөгчийн зорилт нь ФАТФ-ын үйл ажиллагаанд бүс нутгийн байгууллагуудын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх бөгөөд хурлаар гишүүд бүс нутгийн байгууллагуудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв.
- Хурлаар хил дамнасан төлбөрийн системийн хувьсал, салбарын стандартад гарсан өөрчлөлтийг тусгах зорилгоор ФАТФ-ын стандартад өөрчлөлт оруулах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй холбоотой иж бүрэн шинэчлэл хийх зэрэг хийж буй ажлын талаар танилцууллаа.
- Мөн ФАТФ-ын хүрээнд хүйсийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүгнэлт хийж, энэ ажлыг сайжруулах цаашдын саналуудыг хэлэлцэв.
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад өөрчлөлт оруулан, чухал ахиц гарсан Сенегал улсыг хассан бол Алжир, Ангол, Кот-д’Ивуар, Ливан улсуудыг уг жагсаалтад нэмэхээр болжээ.
Саарал жагсаалтад 2024 оны 10 дугаар сарын байдлаар дараах улс орнууд байна. Үүнд:
- Алжир /шинээр нэмэгдсэн/
- Ангол /шинээр нэмэгдсэн/
- Болгар
- Буркина Фасо
- Бүгд Найрамдах Конго
- Венесуэл
- Вьетнам
- Йемен
- Камерун
- Кени
- Кот-д’Ивуар /шинээр нэмэгдсэн/
- Ливан /шинээр нэмэгдсэн/
- Мали
- Мозамбик
- Монако
- Намиби
- Нигери
- Өмнөд Африк
- Өмнөд Судан
- Сири
- Танзани
- Филиппин
- Хаити
- Хорват
-
Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй бөгөөд дараах улсууд багтаж байна. Үүнд:
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
- Иран улс
- Мьянмар улс
ФАТФ ОХУ-аас Украины эсрэг явуулж буй түрэмгийлэл нь дэлхийн санхүүгийн системийн аюулгүй, найдвартай, бүрэн бүтэн байдлыг дэмжих ФАТФ-ын зарчим, олон улсын хамтын ажиллагаанд харшилсаар байгаа тул ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.