Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсэг хуралдлаа
Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдлаа. Энэхүү ажлын хэсэг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, олон улсын чиг хандлага, үндэсний болон салбарын хэмжээнд үүсч буй эрсдэлийн талаарх судалгаа, шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, гарын авлага, заавар зөвлөмж гаргах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг.
Тус хуралд ажлын хэсгийн гишүүдээс гадна Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай холбоотой мэргэжлийн байгууллагууд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхим болон их, дээд сургуулиуд зэрэг 19 байгууллагын 45 орчим төлөөлөл оролцлоо.
Хурлаар ажлын хэсгийн төлөвлөгөөний биелэлтийн талаар танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлов. Мөн Санхүүгийн мэдээллийн албанаас 2024 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажил, типологийн тайлан болон хувийн хэвшлийн төлөөллүүдийн хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.