Төв Азийн бүс нутагт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2024 оны 10 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо "Төв Азийн бүс нутагт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус санхүүгийн урсгалыг зогсоох, хориг арга хэмжээний эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт 3 өдрийн сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээг Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зохион байгуулж Казакстан, Киргиз, Тажикстан, Туркменистан болон Узбекистан улсын эрх бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын талаас Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнууд оролцлоо.
Сургалт, хэлэлцүүлгээр Төв Азийн улс орнуудын зохицуулагч байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба, хууль сахиулах байгууллага, бүс нутгийн холбогдох бусад байгууллагуудын төлөөлөгчид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус санхүүгийн урсгалыг зогсоох, хориг арга хэмжээнээс зайлсхийхийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд харилцан туршлага солилцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг авч хэлэлцэв. Үүнд:
- худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэрэг болон үүний Төв Азийн бүс нутгуудад үзүүлэх нөлөө;
- хориг арга хэмжээний үр нөлөө, хориг арга хэмжээнээс зайлсхийхтэй тэмцэхийн ач холбогдол;
- санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоотой холбоотойгоор бүс нутгуудад тулгарч буй сорилтууд ба боломжууд;
- виртуал хөрөнгөтэй холбоотой хууль бус санхүүгийн урсгал нэмэгдэж буй талаар болон бүс нутгуудад үзүүлэх нөлөөлөл, хариу арга хэмжээ;
- Төв Ази дахь терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой динамик эрсдэл.