“Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

2024-11-21 13:21 | Мэдээ

Санхүүгийн мэдээллийн албанаас хууль сахиулах байгууллагуудтай хамтран банкнаас бусад салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг, хариуцлага, эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад дараах салбарын 180 гаруй мэдээлэх үүрэгтэй этгээд оролцлоо. Үүнд:

  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч
  • Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани
  • Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага
  • Хадгаламж, зээлийн хоршоо
  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага
  • Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч
  • Нотариатч
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч

Сургалтаар Санхүүгийн мэдээллийн албанаас харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хориг арга хэмжээтэй холбоотой асуудлын талаар, хууль сахиулах байгууллагуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тус тус танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.