“Комплаенсийн Форум”-ыг зохион байгууллаа

2024-12-26 02:12 | Мэдээ

Санхүүгийн мэдээллийн алба /СМА/, Монголын банкны холбооны Комплаенсийн мэргэжлийн зөвлөл болон бусад оролцогч байгууллагатай хамтран “Комплаенсийн Форум”-ыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү Форумын үеэр олон улсын хориг арга хэмжээ, цахим гэмт хэрэг, түүнтэй тэмцэх, цахим орчинд харилцагчийг таних үйл ажиллагаа /E-KYC/ зэрэг сэдвээр холбогдох байгууллагын төлөөллөөс танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээж хэлсэн үгэндээ банкны комплаенсийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд Монголбанкны зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцоллоо.

Форумын эхний хэсэгт СМА-ны дарга Б.Батбаатар “Олон улсад авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийв. Тэрээр илтгэлдээ ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас Монгол Улсад төлбөр тооцооны хүндрэл үүсэх, хоригт оруулсан бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, мөнгө угаах болон бусад суурь гэмт хэрэг үйлдэгдэх нөлөөлөл өндөр байгааг дурдаад манай улсын зүгээс эрсдэлийг үнэлэх, байнгын хяналтыг сайжруулж сэжигтэй гүйлгээ, үйлдлийг цаг алдалгүй мэдээлэх зэрэгт анхаарах нь чухал гэдгийг онцолсон.

Түүнчлэн өнгөрсөн 11 дүгээр сард болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Типологийн уулзалтад Монгол улсаас төлөөлөн оролцсон арилжааны банкны төлөөлөл танилцуулга хийлээ. Үүнд “Хуулийн этгээдийг МУТС-д буруугаар ашиглах эрсдэлийн ойлголт, олон улсын чиг хандлага”, “Ази, Номхон далайн орнуудад хийгдэж буй цахим залилангийн хэв шинж, ФАТФ болон олон улсын байгууллагын зөвлөмж” сэдвүүдээр Хаан банк болон Ариг банкны төлөөлөл тус тус танилцуулга хийж уулзалтын үр дүнгээ хуваалцлаа.

Форумаар “Хориг арга хэмжээ”, “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх” болон “Цахим орчинд харилцагчийг таних үйл ажиллагаа” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн модератор болон панелистаар Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Харилцаа холбооны зохицуулах хороо болон арилжааны банкны төлөөллүүдээс оролцож өөрсдийн байгууллагыг төлөөлөн мэдээлэл өгч, санал солилцлоо. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн албанаас “Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, статистик мэдээлэл хүргэлээ. 

Банкны салбарт комплаенсийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нь тухайн байгууллагад учирч болох аливаа санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс сэргийлээд зогсохгүй банкны хувь нийлүүлэгч, ажилтан, харилцагч, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг бэхжүүлэх, нэр хүндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.