Үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хурал боллоо

2025-01-22 17:35 | Мэдээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хурал өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд болж, нийт 16 гишүүн байгууллагын 35 төлөөлөл оролцов. Хурлыг тус зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл удирдан явууллаа.

Хурлаар зөвлөлийн ажлын алба болох Санхүүгийн мэдээллийн албанаас Үндэсний зөвлөлийн зөвлөмжүүдийн биелэлт болон зөвлөлийн хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар танилцуулсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбараар дамжуулан мөнгө угаах эрсдэлийн нөхцөл байдлын талаар гишүүдэд танилцуулга хийлээ.

Түүнчлэн  хурлаар олон улсад авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ болон хууль, эрх зүйн шинэчлэл хийх хэрэгцээ шаардлагыг танилцуулж, Монгол Улсын дараагийн шатны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг эхлүүлэх санал дэмжин, Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн дагуу үр дүнтэй байдлын үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулах тушаалын төслийг батлахаар шийдвэрлэв.