ФАТФ-ын ээлжит нэгдсэн хуралдаан болж өндөрлөлөө

2025-02-23 18:04 | Мэдээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдлаа. Нэгдсэн хуралдаанд 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гол асуудлуудыг гурван өдрийн турш хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Эрсдэлд суурилсан аргачлал болон санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор ФАТФ-ын зөвлөмжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
  • Хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой санхүүгийн урсгалыг таслан зогсоох тайланг баталлаа.
  • Төлбөрийн ил тод байдал, нарийн төвөгтэй үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, хориг арга хэмжээнээс зайлсхийх асуудалаар  ФАТФ-ын зөвлөмжид өөрчлөлт оруулах төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахаар шийдвэрлэлээ.
  • ФАТФ-ын Дэд Ерөнхийлөгчөөр Их Британи Улсын Жайлс Томссон сонгогдов.
  • Хуралдаанаар ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээв.
  • ФАТФ дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санаачилгын хүрээнд арга хэмжээ зохион байгуулагдаж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих талаар хэлэлцэв.
  • ФАТФ-ын жил бүр зохион байгуулагддаг “Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны форум”-ыг 2025 оны 03 дугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хотод санхүүгийн салбар, СББМҮҮ, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, ФАТФ-ын гишүүд болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өргөтгөсөн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад өөрчлөлт оруулан, Филиппин Улсыг хассан бол Лаос болон Непал улсуудыг уг жагсаалтад нэмэхээр болжээ. Саарал жагсаалтад 2025 оны 02 дугаар сарын байдлаар нийт 25 улс орон байна. Үүнд:

  • Алжир, Ангол, Болгар, Буркина Фасо, Камерун, Кот д'Ивуар, Хорват, Конго, Гаити, Кени, Лаос, Ливан, Мали, Монако, Мозамбик, Намиби, Непал, Нигери, Өмнөд Африк, Өмнөд Судан, Сири, Танзани, Венесуэл, Вьетнам, Йемен.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй  тэмцэх чиглэлээр өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй бөгөөд дараах улсууд багтаж байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (Хойд Солонгос);
  • Иран;
  • Мьянмар.