Үндэсний Эрсдэлийн Үнэлгээний Ажлын Хэсгийн хурал зохион байгуулагдлаа
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцоо тогтвортой байх, гэмт этгээдүүд санхүүгийн систем, салбаруудыг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, эмзэг сул байдлыг арилгахад тухайн улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (МУТС) эрсдэлээ үнэлж ойлгох, улмаар эрсдэлийг оновчтой бууруулах үндэсний хэмжээний бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх асуудал нэн чухал юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 3 дахь удаагийн МУТС Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх ажлын хэсэг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдаж, эхний хурлаа 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар нийт 11 модулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Модулиуд:
Модуль 1 - Мөнгө угаах гэмт хэргийн аюул, занал
Модуль 2 - Үндэсний эмзэг байдлын үнэлгээ
Модуль 3 - Банкны салбарын эмзэг байдлын үнэлгээ
Модуль 4 - Үнэт цаасны салбарын эмзэг байдлын үнэлгээ
Модуль 5 - Даатгалын салбарын эмзэг байдлын үнэлгээ
Модуль 6.1 - Банк бус санхүүгийн байгууллагын эмзэг байдлын үнэлгээ
Модуль 6.2 - Хадгаламж зээлийн хоршооны салбарын эмзэг байдлын үнэлгээ
Модуль 7 - Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эмзэг байдлын үнэлгээ
Модуль 8 - Терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ
Модуль 9 - Санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүний мөнгө угаах эрсдэлийн үнэлгээ
Модуль 10 - Ашгийн бус байгууллагын салбарын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ
Модуль 11 - Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ
Хурлаар Үндэсний эрсдэлийн үнэлгээний ач холбогдол, товч мэдээлэл, зохион байгуулалтын талаар ярилцсан бөгөөд дэд ажлын хэсгүүдэд ажиллах байгууллагуудыг тодорхойлон, ажлын төлөвлөгөөг боловсруулах шийдвэр гаргав.