ФАТФ-ын ээлжит нэгдсэн чуулга уулзалт болж өндөрлөлөө

2025-06-16 02:12 | Мэдээ

ФАТФ болон ФАТФ-ын Европын бүс нутгийн байгууллага болох МОНИВАЛ-ын хамтарсан чуулга уулзалт 2025 оны 6 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Франц Улсын Страсбург хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалт болон ФАТФ-ын ажлын хэсгийн уулзалтуудад 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцсон бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийг төлөөлж Монгол Улсаас Санхүүгийн мэдээллийн албаны дарга оролцлоо. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гол асуудлуудыг тус уулзалтаар хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Хил дамнасан төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор ФАТФ-ын Зөвлөмж 16-д өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү өөрчлөлт нь 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор нийтлэгдэх юм.
  • МОНИВАЛ-аас Латви Улсын харилцан үнэлгээг баталсан бөгөөд энэхүү үнэлгээ нь дэлхийн 5 дахь шатны хамгийн эхний үнэлгээ байснаараа онцлог байв.
  • МОНИВАЛ-аас гурван гишүүн улсын техник хэрэгжилтийн дутагдлыг арилгах чиглэлээр гаргасан ахицыг хэлэлцэв.
  • Ашгийн бус байгууллагыг урвуулан ашиглахаас сэргийлэх ФАТФ-ын шинэ журам баталлаа.
  • ФАТФ-аас улс орнуудыг эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор ирэх саруудад нийтлэгдэх тайлан, удирдамжийг баталлаа.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад өөрчлөлт оруулан, Хорват, Мали, Танзани улсыг хассан бол Боливи болон Их Британийн Виржиний арлууд улсуудыг уг жагсаалтад нэмэхээр болжээ. Саарал жагсаалтад 2025 оны 6 дугаар сарын байдлаар нийт 24 улс орнууд байна. Үүнд:

  • Алжир, Ангол, Боливи, Болгар, Буркина Фасо, Камерун, Кот-д'Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Гаити, Кени, Лаос БНАСАУ, Ливан, Монако, Мозамбик, Намиби, Непал, Нигери, Өмнөд Африк, Өмнөд Судан, Сири, Венесуэл, Вьетнам, Их Британийн Виржиний арлууд, Йемен.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй бөгөөд дараах улсууд багтаж байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс;
  • Иран улс;
  • Мьянмар улс;