Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсэг хуралдлаа

Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдлаа. Энэхүү ажлын хэсэг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, олон улсын чиг хандлага, үндэсний болон салбарын хэмжээнд үүсч буй эрсдэлийн талаарх судалгаа хийх, санал зөвлөмж боловсруулах, гарын авлага, заавар зөвлөмж гаргах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг.
Судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсгийн ахлагч бөгөөд Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар хурлыг удирдаж явуулав. Тус хуралд ажлын хэсгийн гишүүдээс гадна Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоод болон их, дээд сургуулиудын судлаач багш нар зэрэг нийт 25 орчим төлөөлөл оролцлоо.
Хурлаар ажлын хэсгийн төлөвлөгөөний биелэлтийн талаар танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлов. Мөн Санхүүгийн мэдээллийн албанаас 2025 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажил, типологийн тайланг танилцуулж, санал солилцов.Үүнд:
- Мөнгө угаах гэмт хэргийн ял шийтгэлийн харьцуулсан судалгаа
- Эцсийн өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг харьцуулсан судалгаа
- “Мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлага, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэрэг" сэдэвт судалга
- "Спортын салбар/спорт бооцоот тоглоом ашиглан мөнгө угаах нь" сэдэвт типологийн тайлан
- "Санхүүгийн хориг арга хэмжээнээс зайлсхийх" сэдэвт типологийн тайлан
- "Эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх нь" сэдэвт судалгаа