ФАТФ-ын ээлжит нэгдсэн хуралдаан болж өндөрлөлөө
.png)
ФАТФ-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдлаа. Нэгдсэн хуралдаанд 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцов. Түүнчлэн дэлхийн улс орнуудын оролцоог өргөжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, мөн хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх чадавхыг сайжруулах зорилгоор улс орнуудыг Зочин оролцогчоор оролцуулж байгаа бөгөөд энэ удаагийн Зочин оролцогчоор Ямайка, Нигери улсуудыг оролцуулав.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гол асуудлуудыг гурван өдрийн турш хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Харилцан үнэлгээний шинэ шатны хүрээнд хийгдсэн анхны хоёр үнэлгээний тайланг чуулга уулзалтаар батлав. ФАТФ-ын гишүүн орнууд болох Бельги, Малайз улсуудыг шинэ аргачлалын дагуу, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан хэлбэрээр богино хугацаанд үнэлсэн бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны бодит үр дүнд илүү ач холбогдол өгч байгаагаараа онцлог юм.
- Хөрөнгө буцаах чиглэлийн ФАТФ-ын стандартыг саяхан чангатгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас олсон орлогыг онилж, хураах үр дүнтэй тогтолцоог бий болгоход туслах зорилгоор хөрөнгө буцаан авах талаар цогц, шинэ удирдамж батлав.
- Хиймэл оюун ухаан (AI) болон дипфейк (хиймэл оюунаар бүтээгдсэн хуурамч дүрс) технологийн улмаас учирч болзошгүй хууль бус санхүүгийн эрсдэлийн талаар анхааруулах зорилгоор бодит жишээ бүхий “хэтийн төлвийн тандалт”-ыг олон нийтэд танилцуулахаар баталлаа.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өргөтгөсөн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтанд өөрчлөлт оруулан, Буркина Фасо, Мозамбик, Нигери, Өмнөд Африк улсуудыг хассан байна. Саарал жагсаалтад 2025 оны 10 дугаар сарын байдлаар нийт 20 улс орон байна. Үүнд:
- Алжир, Ангол, Болив, Болгар, Камерун, Кот д'Ивуар, Конго, Гаити, Кени, Лаос, Ливан, Монако, Намиби, Непал, Өмнөд Судан, Сири, Венесуэл, Вьетнам, Виржинийн арлууд, Йемен.
Мөнгө угаах, болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй бөгөөд дараах улсууд багтаж байна. Үүнд:
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (Хойд Солонгос);
- Иран улс;
- Мьянмар улс.
