“МУТСТ Комплаенс-Цахим шилжилт” сэдэвт форум болж өндөрлөлөө

2025-12-03 10:32 | Мэдээ

Банкны салбарын комплаенсийн тогтолцоог бэхжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт, үндэсний зохицуулалтын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 11 дэх удаагийн Комплаенсийн форум “МУТСТ КОМПЛАЕНС – ЦАХИМ ШИЛЖИЛТ” нэрийн дор 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн форумыг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Монголын банкны холбоо, Хаан банк хамтран зохион байгуулж, Засгийн газар, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны гишүүн байгууллагууд болон банк, санхүүгийн салбарын удирдлагууд оролцлоо.

Форумын эхний өдөр Монгол Улсын 3 дахь удаагийн Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, үйл ажиллагаанд баримтлах бодлогын талаар Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар танилцуулав. Тус өдөр Монгол Улсын МУТСТ тогтолцоог сайжруулах, үндэсний хэмжээний эрсдэлийг үр дүнтэй бууруулахад чиглэсэн шийдлүүд, Монгол Улсын дараагийн харилцан үнэлгээнд үр дүнтэй бэлтгэх талаар хэлэлцэв.

Форумын хоёр дахь өдөр банкны комплаенсийн албан хаагчид, зохицуулагч байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл цахим гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, МУТСТ үйл ажиллагаанд хиймэл оюун, машин сургалт, технологийн дэвшлийг ашиглах боломжийн талаар туршлага солилцлоо.

Энэхүү форумаар төрийн байгууллагууд, банкны салбарын удирдлага, нийт комплаенсийн албан хаагчид оролцон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, дараагийн харилцан үнэлгээнд үр дүнтэй бэлтгэх, цахим хэрэглээ, цахим аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэн хоёр өдрийн арга хэмжээ үр дүнтэй болж өндөрлөө.