Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ээлжит нэгдсэн хуралдаан

2026-02-23 08:00 | Мэдээ

(Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Мексик Улсын Мехико хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад байгаа улс, орнуудын жагсаалтад өөрчлөлт оруулж, Кувейт болон Папуа Шинэ Гвиней улсыг “саарал” жагсаалтад шинээр нэмсэн байна.

Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй улс орнуудын буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй бөгөөд Иран, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Мьянмар улс хэвээр үлдсэн байна. Үүнтэй холбогдуулан ФАТФ-аас Иран Улсын талаар гаргасан нийтийн мэдэгдлээ шинэчилж, өмнө нь зөвхөн санхүүгийн байгууллагатай холбоотойгоор охин компани, салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хязгаарлах талаар тусгасан байсан бол шинэчилсэн мэдэгдэлд хамрах хүрээг өргөжүүлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг мөн адил хамруулахаар тусгажээ.

Түүнчлэн өмнөх мэдэгдэлд тусгагдаагүй дараах арга хэмжээг улс орнуудад хэрэгжүүлэхийг уриалсан байна. Үүнд:

эрсдэлд суурилсан аргачлалын дагуу Иран Улстай болон тус улсын этгээдүүдтэй тогтоох бизнесийн харилцаа, санхүүгийн гүйлгээ, түүний дотор виртуал хөрөнгийн гүйлгээг хязгаарлах;

санхүүгийн байгууллага болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд Иран Улстай шинэ корреспондент харилцаа тогтоохыг хориглож, тогтоосон корреспондент харилцаанд эрсдэлд суурилсан дахин үнэлгээ хийх;

хариу арга хэмжээ хэрэгжүүлэхдээ хүмүүнлэгийн тусламж, хүнс, эм, эрүүл мэндийн хангамж, дипломат үйл ажиллагааны зардал болон хувь хүний гуйвуулгатай холбоотой мөнгөн урсгалыг олон улсын үүрэг, хариуцлагад нийцүүлэн эрсдэлд суурилсан аргачлалаар зохистой хэрэгжүүлэх.

Улмаар 2026 оны 02 дугаар сарын байдлаар хар, саарал жагсаалтад дараах улсууд багтаж байна. Үүнд:

Саарал жагсаалт (Jurisdictions under Increased Monitoring)
# Улс
1 Алжир
2 Ангол
3 Болив
4 Болгар
5 Камерун
6 Кот д'Ивуар
7 Бүгд Найрамдах Конго
8 Гаити
9 Кени
10 Кувейт
11 Лаос
12 Ливан
13 Монако
14 Намиби
15 Непал
16 Папуа Шинэ Гвиней
17 Өмнөд Судан
18 Сири
19 Венесуэл
20 Вьетнам
21 Виржинийн арлууд
22 Йемен
Хар жагсаалт (High-Risk Jurisdictions subject to a Call for Action)
# Улс
1 БНАСАУ
2 Иран
3 Мьянмар

Мөн Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсанд хар болон саарал жагсаалтад орсон улс, орнуудын мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулдаг бөгөөд холбогдох мэдээллийг энэхүү холбоосоор орж танилцах боломжтой болно.

Иймд дээрх мэдээлэлтэй танилцан, танай байгууллагын хяналт, зохицуулалтад хамаарах мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хүргүүлж, үйл ажиллагаанд нь мөрдлөг болгон ажиллуулахыг хүсье.