Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан болжээ

2026-06-28 16:00 | Мэдээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдлаа. 

Тус хуралдаанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ/ҮОХЗДСТ) олон улсын стандартын хэрэгжилт, улс орнуудын харилцан үнэлгээний үр дүн, тулгамдаж буй асуудлууд болон ФАТФ-аас цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцэж, дараах гол шийдвэрүүдийг гаргасан байна. 

Хуралдаанаар ФАТФ-ын Зөвлөмж 6-д өөрчлөлт оруулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хүмүүнлэгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалтыг баталжээ. Энэхүү өөрчлөлт нь хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийн зэрэгцээ санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний үр нөлөөтэй байдлыг хадгалах ач холбогдолтой юм. 

Мөн Канад болон Турк улсын Харилцан үнэлгээний тайланг баталж, тайлангийн чанарыг эцсийн байдлаар шалгах хяналтын дараа олон нийтэд нийтлэхээр шийдвэрлэжээ. 

ФАТФ-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтыг шинэчилж, Босни ба Герцеговина болон Ирак улсыг жагсаалтад шинээр оруулсан бол Алжир болон Намиби Улсыг шаардлагатай арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн үндэслэлээр жагсаалтаас хассан байна. 

Түүнчлэн хил дамнасан төлбөр тооцооны ил тод байдлыг нэмэгдүүлэх, албан бус мөнгөн шилжүүлгийн тогтолцоотой холбоотой эрсдэлийг үнэлэх, виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ. 

Энэ удаагийн нэгдсэн хуралдаан нь ФАТФ-ын Ерөнхийлөгч Элиса де Анда Мадразогийн бүрэн эрхийн хугацааны сүүлчийн хуралдаан байсан бөгөөд 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын төлөөлөгч Гайлс Томсон ФАТФ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёр жилийн хугацаагаар хүлээн авахаар болж байна. 

Уг нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг ФАТФ-ын албан ёсны цахим хуудсаар, мөн ФАТФ-ын “хар” болон “саарал” жагсаалтад орсон улс орнуудын шинэчилсэн жагсаалттай Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.