САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ЭГМОНТ БҮЛГИЙН 32 ДАХЬ УДААГИЙН ЖИЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.

2026-07-20 08:00 | Мэдээ

Дэлхийн санхүүгийн мэдээллийн албадын нэгдсэн олон улсын байгууллага болох Эгмонт бүлэг нь гишүүн Санхүүгийн мэдээллийн албадын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Санхүүгийн мэдээллийн алба хооронд мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломжоор хангадаг бөгөөд нийт 182 Санхүүгийн мэдээллийн алба нэгдэн орсон байдаг. Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба нь Эгмонт бүлэгт 2009 онд гишүүнээр элсэн орсон.  

Эгмонт бүлгийн чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн уулзалт Азербайжан улсын Баку хотод 2026 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  

Тус чуулга уулзалтад Эгмонт бүлэг, бүлгийн гишүүн Санхүүгийн мэдээллийн албад, олон улсын түншлэгч байгууллагуудын төлөөлөгчид гээд нийт 400 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсаас Санхүүгийн мэдээллийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ариунтуяа тэргүүтэй төлөөллүүд оролцов.  

Таван өдөр үргэлжилсэн уулзалтаар дараах асуудлуудыг голчлон хэлэлцэв. Үүнд: 

  • Мэдээлэл солилцооны ажлын хэсгийн уулзалтаар санхүүгийн мэдээллийн албаны үндсэн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг хэрхэн амжилттай нэвтрүүлж байгаа талаарх улс орнуудын туршлага; 
  • Гишүүнчлэл, дэмжлэг болон комплаенсийн ажлын хэсгээр зарим улсын санхүүгийн мэдээллийн албадын комплаенсийн асуудал, ФАТФ-ын 5 дахь шатны Харилцан үнэлгээнд анхаарах зүйлс; 
  • Техник туслалцаа, сургалтын ажлын хэсгээр одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийн тухай;  
  • Бодлого, журмын ажлын хэсгээр Эгмонтын түншлэлийн бодлогын асуудал, шинэ ажлын төлөвлөгөө, зарим улс орнуудын шилдэг туршлагууд болон Европын Холбооны мөнгө угаахтай тэмцэх газрын танилцуулга;  
  • Бүс нутгийн уулзалтаар тухайн бүс нутагт харъяалагддаг улс орнуудын санхүүгийн мэдээллийн албадаас өөрсдийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн танилцуулга,  харилцан үнэлгээнд орсон улс орнуудын стратеги болон Экофел сургалтын платформын шинэчлэлтийн талаар тус тус танилцууллаа.  

Түүнчлэн хуралдааны төсгөлд Эгмонт бүлгийн шилдэг кейсийг шалгаруулсан бөгөөд ирэх жилийн Эгмонт бүлгийн Ажлын хэсгийн болон бүс нутгийн уулзалтыг 2027 оны 02 дугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг улсад, Эгмонт бүлгийн 33 дахь удаагийн Чуулга уулзалтыг 2027 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Намиби улсад тус тус зохион байгуулахаар шийдвэрлэв.