Азийн Хөгжлийн Банкны төслийн хүрээнд Худалдаанд суурилсан мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр туршлага хуваалцлаа.

2026-09-30 16:00 | Мэдээ

Олон улсын Худалдаанд суурилсан мөнгө угаахтай тэмцэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн Олон улсын ажлын хэсэг (Multinational Working Group on TBML Public-Private Partnership)-ийн ээлжит улирлын уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар боллоо. Тус ажлын хэсэг нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгтгэн, худалдаанд суурилсан мөнгө угаахтай холбоотой шинээр үүсэж буй эрсдэл, чиг хандлагыг хэлэлцэх, сайн туршлага солилцох, тус гэмт хэргийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг.  

Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албаны хувьд Азийн хөгжлийн банкны Худалдаа ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр (TSCFP)-ийн төсөлд 2022 оноос хойш оролцож, амжилттай хамтран ажиллаж байна. Санхүүгийн мэдээллийн алба нь энэ чиглэлээр мэргэшил, чадавхыг үе шаттайгаар бэхжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ худалдаанд суурилсан мөнгө угаах хэв шинж, эрсдэлийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байгаа туршлагыг Санхүүгийн мэдээллийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ариунтуяа танилцууллаа. Санхүүгийн мэдээллийн албанаас тус төслийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн ойлголтыг анхан шатнаас ахисан шат хүртэлх сургалт, семинарыг зохион байгуулахаас гадна гарын авлага боловсруулсан.  

“Худалдаанд суурилсан мөнгө угаах нь” сэдэвт гарын авлагатай энд дарж танилцана уу.