Сэжигтэй үйлдэл, гүйлгээг таньж илрүүлэх, мэдээлэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа

Санхүүгийн мэдээллийн албанаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, нотариатч, хуульч, нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оны 09 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд “Сэжигтэй үйлдэл, гүйлгээг таньж илрүүлэх, мэдээлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, дээрх салбарын 230 гаруй төлөөллийг хамрууллаа.
Санхүүгийн мэдээллийн албанаас дараах сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулж, холбогдох ойлголт, хэрэгжилт болон практик жишээнүүдийн талаар мэдээлэл өгсөн болно. Үүнд:
- Сэжигтэй үйлдэл, гүйлгээг таньж, илрүүлэх;
- ГоАМЛ программд мэдээлэл оруулах, тайлагнах;
- Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Монгол Улсын дараагийн харилцан үнэлгээ болон СББМҮҮ-ийн үүрэг, оролцоо;
- МҮЭ бүрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон СГТ-ийн кейс жишээ.
Мөн тус сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хуульчдын холбооны төлөөлөл мэдээлэл, танилцуулга хийж, хамтран ажиллалаа.
