Дорноговь аймагт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ

2026-11-13 22:00 | Мэдээ

Дорноговь аймаг дахь Монголбанкны салбар болон тус аймгийн Терроризмийн эсрэг үндэсний салбар зөвлөл хамтран 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд “Мөнгө угаах үйл ажиллагаа, терроризмын эсрэг” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумдад тус тус зохион байгуулсан.

Тус сургалтад Санхүүгийн мэдээллийн албаны ажилтнууд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь”, “Цахим залилан, түүнээс урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвээр арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбарын 60 гаруй мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Энэхүү сургалт нь орон нутгийн санхүүгийн салбарын ажилтнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлийг таньж илрүүлэх, үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэснээрээ онцлог ач холбогдолтой боллоо.