Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан болжээ

2026-11-15 16:00 | Мэдээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдлаа. 

Тус хуралдаанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ/ҮОХЗДСТ) олон улсын стандартын хэрэгжилт, улс орнуудын харилцан үнэлгээний үр дүн, виртуал хөрөнгө, цахим залилан болон хууль бус санхүүгийн урсгалтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Хуралдаанаар виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотой ФАТФ-ын стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор виртуал хөрөнгийн салбарын үйл ажиллагаа өндөртэй улс орнуудад чиглэсэн тусгайлсан үнэлгээ, түргэвчилсэн дараагийн шатны хяналтын үйл явцыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Холбогдох үнэлгээний үр дүнг 2027 оны 06 болон 10 дугаар сард нийтлэхээр төлөвлөсөн байна. 

Мөн залилангийн үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай төвүүдтэй холбоотой хууль бус санхүүгийн урсгалын тухай шинэ тайланг баталж, эдгээр гэмт хэргийн сүлжээг илрүүлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох, гэмт хэргээс олсон орлогыг хураах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна. 

ФАТФ-аас өндөржүүлсэн хяналтад орсон улс орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтыг шинэчилж, Болгар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кот-д’Ивуар болон Монако улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн үндэслэлээр жагсаалтаас хассан байна. Харин Вьетнам улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг ФАТФ-аас онцолж, 2027 оны 02 дугаар сарын нэгдсэн хуралдаан хүртэл стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр бодитой ахиц гаргаагүй тохиолдолд нэмэлт арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр мэдэгджээ. 

Түүнчлэн өндөр эрсдэлтэй улс орнуудтай холбоотой мэдэгдлийг шинэчилж, Мьянмар улсаас үйлдэгдэж буй цахим залилангийн үйл ажиллагаатай тэмцэх, Иран улсын хувьд терроризмыг санхүүжүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцох болон санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг дахин онцолсон байна. 

Хуралдаанаар Мексик болон Америкийн Нэгдсэн Улсын харилцан үнэлгээний тайланг баталж, тайлангийн чанар, нийцтэй байдлыг эцэслэн хянасны дараа 2026 оны 12 дугаар сард олон нийтэд нийтлэхээр шийдвэрлэжээ. 

Үүнээс гадна МУТСТ/ҮОХЗДСТ тогтолцоог бэхжүүлэхэд хүндрэлтэй тулгарч буй, чадавх хязгаарлагдмал улс орнуудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх хүрээнд зарим хөгжиж буй улсын харилцан үнэлгээг тухайн улсын нөхцөл байдалд нийцүүлэн зохион байгуулах, харилцан үнэлгээний үнэлэгчдийн сургалтыг сайжруулах, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ. Мөн төрийн байгууллага болон хувийн хэвшлийн МУТСТ/ҮОХЗДСТ үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хандлагын хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн байна. 

Мөн Оросын Холбооны Улсын ФАТФ дахь гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг дахин тэмдэглэжээ. 

Энэ удаагийн нэгдсэн хуралдаан нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын төлөөлөгч Гайлс Томсоны ФАТФ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд зохион байгуулагдсан анхны хуралдаан байв. 

Уг нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй ФАТФ-ын албан ёсны цахим хуудсаар, мөн ФАТФ-ын “хар” болон “саарал” жагсаалтад орсон улс орнуудын шинэчилсэн жагсаалттай Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.