Б.БАТБААТАР: МОНГОЛ УЛСАД КРИПТО ВАЛЮТЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА.

2021-02-01 03:30 | Ярилцлага

Виртуал хөрөнгийн зохицуулалтын бодит шаардлага юу байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд дэвшилтэд технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд зах зээлд олноор бий болж дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар байна. Энэ нь виртуал хөрөнгө хэмээх ойлголт юм. Үүнд бүх төрлийн крипто валютууд, токен зэрэг нилээн хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хамаарч байгаа. Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь хялбар, хямд, түргэн, шуурхай боловч виртуал хөрөнгийн технологид суурилан хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуун дарагдуулах, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах хандлага олон улсад байгааг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас онцолсоор байна. Иймд дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагууд энэхүү асуудлыг анхааралдаа авч, виртуал хөрөнгийн хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг бүхий л орнуудаас шаардаж байна. ФАТФ-аас мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх олон улсын стандарт болох техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн хэрэгжилтийг улс орнуудаас шаарддаг. Үүнтэй холбоотойгоор Зөвлөмж 15-д 2019 онд шинэ технологийн талаарх өөрчлөлт оруулж, виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шалгууруудыг тогтоосон. Үүний дагуу ФАТФ-аас дэлхийн улс орнууд зөвлөмжийн шаардлагуудыг хэрхэн биелүүлж байгааг жил бүр үнэлдэг бөгөөд Монгол Улсыг виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тавигдсан. Иймээс Монгол Улсын хувьд олон улсын шаардлага болох ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх замаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо улам бэхжүүлэх, виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой болоод байна.

Бид ФАТФ-ын саарал жагсаалтаас өнгөрсөн онд гарсан, дараагийн хийгдэх гол ажил виртуал хөрөнгийн зохицуулалтын орчинг бий болгох уу?

Монгол Улсын хувьд ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас 2020 оны 10 дугаар сард (1 жилийн хугацаанд) гарсан. Мөн Европын холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын (хар жагсаалт) жагсаалтаас 2021 оны 01 дүгээр сард гарсан. ФАТФ-аас виртуал хөрөнгийг дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл гэж тодорхойлсон. Хамгийн анхны виртуал хөрөнгө болох биткоин одоогоос 10 гаруй жилийн өмнө үүсч бий болсон бөгөөд энэ салбар блокчэйн технологид суурилан тасралтгүй хөгжин өөрчлөгдөж байна. Иймд ФАТФ-аас улс орнуудыг виртуал хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээ үнэлж, түүнээс урьдчилан сэргийлах арга хэмжээг авах, мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх эсвэл тусгай зөвшөөрөл олгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтад хамруулж, холбогдох зөрчилд арга хэмжээ авах, улмаар харилцагчдаа таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлхийг үүрэг болгосон. Тэгэхээр бид ФАТФын шаардлагыг хангасан хуулийн төсөл боловсруулж яаралтай батлуулах шаардлагатай.

Бусад оронд виртуал хөрөнгийн орчинг яаж зохицуулж байгаа вэ? манай орны нөхцөл байдал ямар байгаа вэ?

Виртуал хөрөнгийн зах зээл технологийн дэвшилд тулгуурлан хурдацтай хөгжиж, шинэ төрлийн крипто валют болон койнууд зах зээлд нэвтэрсээр байгаа тул энэ салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжил маш хурдацтай өөрчлөгдсөөр байна. Иймээс дэлхийн улс орнууд ФАТФ-ын шаардлагын дагуу виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ялгаатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудын хувьд виртуал хөрөнгийг хэрэглэх тал дээр тодорхой хязгаарлалттай зохицуулалттай эсвэл үгүйсгэсэн байр суурьтай байгаа. Барууны зарим улс орнууд болон Ази тивийн орнуудаас Япон, Сингапур улсууд эдийн засгийн инновацийг дэмжих үүднээс илүү уян хатан хандаж байна. Үүнээс Япон улсын хувьд 2016 онд виртуал валютыг зохицуулах хуулийг баталсан бөгөөд Японы Санхүүгийн үйлчилгээг зохицуулах агентлагаас виртуал хөрөнгийн үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн. Оросын Холбооны Улс 2020 онд дижитал санхүүгийн хөрөнгө, дижитал валютын тухай хуулийг баталж 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсад крипто валютын үйл ажиллагааг хориглосон байна. Мөн БНСУ, Япон, Австрали, Англи, Швейцар зэрэг орнуудад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нь Санхүүгийн Зохицуулах Хорооноосоо зөвшөөрөл авсанаар тодорхой хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад одоогийн байдлаар цөөн тооны виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд иргэд олон улсын банкны картаа ашиглан гадаадын цахим флатформоор крипто валютын арилжаанд оролцох болсон. Мөн өнгөрсөн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэргүүд хууль сахиулах байгууллагуудад бүртгэгдэх болсон нь бид энэхүү салбарын зохицуулалтыг бий болгох шаардлагыг илтгэж байна.

Цаашид юу хийх хэрэгтэй вэ?

Монгол Улсын хувьд ФАТФ-ын шаардлагыг биелүүлж Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулах, виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт зохицуулалтын тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төслийг боловсруулаад байна. Энэ хуулийн төсөл нь ФАТФ-ын шаардлагад нийцүүлэн виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээг тодорхойлж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний үйл ажиллагаанд баримтлах зарчим, тавигдах шаардлага, бүртгэх, хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тусгаж, хамтын ажиллагаа, хариуцлагын тогтолцоог бүрдүүлхийг зорьсон.

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг баталснаар виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмжийн стандартыг хангах ач холбогдолтой юм.