Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Виртуал хөрөнгийн чиглэлээр байгуулагдсан багийн уулзалт 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж өнгөрлөө

2023-05-11 02:00 | Мэдээ

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс гишүүн улс орнуудын шинэ технологитой холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилт болон виртуал хөрөнгийн зохицуулалтын орчинг сайжруулах зорилгоор тусгай сүлжээ багийг байгуулсан. Улмаар тус багийн уулзалт 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, нийт 35 гаруй төлөөлөл оролцлоо.

Тус уулзалтын үеэр ФАТФ-ын Виртуал хөрөнгийн чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан бөгөөд ФАТФ-аас Аяллын дүрмийг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах, бусад улс орнуудад техник туслалцаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү уулзалтад Шинэ Зеланд улсаас виртуал хөрөнгийн хяналт шалгалт, Канад улсаас мөрдөн шалгах ажиллагааны талаар танилцуулж, туршлагаа хуваалцсан бол Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас виртуал хөрөнгийн салбарт хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар танилцууллаа.