Монголбанк

Буцах

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт болж өнгөрлөө

Огноо: 2022/06/03

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус уулзалтаар Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс орнууд болох Беларусь, Энэтхэг, Казахстан, БНХАУ, Кыргызстан, ОХУ, Тажикистан, Туркменистан, Узбекистан Улс болон ажиглагч олон улсын байгууллага, улс орны төлөөллүүд идэвхтэй оролцлоо.

Монгол Улсын хувьд Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн ажиглагч улсаар 2012 онд элссэн бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийнхээ талаар Чуулга уулзалтаар жил бүр тайлагнаж хамтран ажилладаг. Өнгөрсөн Чуулга уулзалтаас хойших хугацаанд Монгол Улсын зүгээс үйл ажиллагааны тайлан, техник туслалцааны санал, үнэлгээний аргачлалд санал өгснөөс гадна бусад шаардлагатай тайлбар, мэдээллийг хүргүүлсэн. Үүнээс гадна Санхүүгийн мэдээллийн албанаас Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс зохион байгуулдаг цахим сургалт, семинар, конференцид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудыг өргөнөөр хамруулаад байна.

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын нийт 6 төлөөлөл идэвхтэй оролцож, ажиллаад ирлээ. Монгол Улсаас Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Чуулга уулзалтын оролцогчидтой мэдээлэл солилцож, улс орнуудын сайн туршлага судлах байдлаар хамтын ажиллагааг сайжруулснаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд эерэгээр нөлөөлнө.

Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Техник туслалцаа, Харилцан үнэлгээ, Хууль эрх зүйн асуудал, Типологи зэрэг ажлын хэсгийн хурал, уулзалтуудыг хаалттай болон нээлттэй хэлбэрээр зохион байгууллаа. Уг хурал, уулзалтын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 11-18-ны өдрүүдэд болсон 35 дахь удаагийн Чуулга уулзалтаас хойших хугацаанд ажлын хэсгүүдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй тайланг танилцууллаа. Чуулга уулзалтын хүрээнд Узбекистан Улс өөрийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Харилцан үнэлгээний тайлангаа ажлын хэсгүүдийн хурал болон үндсэн хурлаар хэлэлцүүлж, амжилттай хамгаалсан байна.

Мөн 2022 оны 6 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд болсон 36 дахь удаагийн Чуулга уулзалтын үндсэн хуралдаанаар Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс гишүүн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоотой холбоотой харилцан үнэлгээ, явцын үнэлгээ, техник туслалцааны төсөл, хууль, эрх зүйн баримт бичиг, типологи, сайн туршлага, төсөв, санхүүжилт зэрэг асуудлуудыг ярилцав. Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Ажлын албанаас Евро-Азийн бүс нутгийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тодорхойлох, удирдах, бууруулах ажилд ажиглагч улс орнууд болон олон улсын байгууллагуудын үзүүлж буй хувь нэмэр, оролцоог өндрөөр үнэлэв. Уулзалтын төгсгөлд дараагийн Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 37 дахь удаагийн Чуулга уулзалтыг Тажикистан Улсын Душанбе хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.