САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-27 00:00 | Мэдээ

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр их дээд сургуулийн оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Санхүүгийн мэдээллийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ариунтуяа хурлыг нээн хэлэхдээ “Санхүүгийн мэдээллийн албанаас энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү хурлын гол зорилго нь их, дээд сургуулийн оюутнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээрх судалгааны цар хүрээг тэлэх, судалгаа хийх сонирхлыг дэмжих, цаашлаад энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахад оршдог” хэмээн онцоллоо. 

Энэ жилийн судалгааны сэдвийн хүрээ санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцооны шинэ сорилтууд, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээний хэрэглээ, виртуал хөрөнгө, цахим шилжилтээс үүдэх эрсдэл, цахим залилан зэрэг цаг үеийн ач холбогдол бүхий сэдэв рүү чиглэж, шилдэг 9 бүтээл илтгэлээ танилцуулсан юм.  

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөллүүд оролцон, бүтээлүүдийг шүүн шалгаруулав. 

Эрдэм шинжилгээний бага хуралд дараах бүтээлүүд шалгарлаа. Үүнд: 

Тэргүүн байр:  

О.Эгшиглэн, Э.Нямдаваа (СЭЗИС), У.Бямбажав (МУИС) – “Цахим залилангаас урьдчилан сэргийлэх хүчин зүйлсийн судалгаа ба вебд суурилсан шийдэл”

Дэд байр: 

О. Ундрам (МУИС) “Монгол Улс дахь мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн байдал, зохицуулалтын сайжруулах санал” 

Гуравдугаар байр: 

П. Ану-Үжин, А. Найданжав (СЭЗИС) – “Монгол Улсын иргэдийг санхүүгийн луйвар, залилан, цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломж -ББСБ-ын финтек жишээн дээр”  PDF 1, PDF 2

Тусгай байр: 

Э.Ганди (СЭЗИС) – “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кибер залилангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийн судалгаа” 

Г.Намуунцэцэг, Ц.Номиндарь (МУИС), Б.Тайванбат – Монгол Улсын МУТСТ орчинд сэжигтэй санхүүгийн гүйлгээг илрүүлэх Large language model (LLM) загварын боловсруулах боломж” 

Эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлсэн нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.